СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023. Чадавхжуулах сургалт /2023.09.20-21/
2023-11-07

Аяны хүрээний нэг томоохон ажил болох чадавхжуулах сургалтыг сумдад
хийлгүй, илүү үр дүнтэй, өргөн агуулга, баялаг хөтөлбөртэй хийхэд онцгой анхаарч,
бүх сумдын соёл урлагийн байгууллагын нийт ажиллагсдыг хамруулах зорилгоор
Улаангом хотод авчирч хоёр өдрийн, нийт 16 цагийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрийг  боловсруулахдаа аймгийн ажлын хэсгийн
саналыг үндэслэн, Увс аймгийн болон сумдын соёл урлагийн байгууллагын
ажиллагсдад нэн даруй хэрэгтэй байгаа сургалтын сэдэв, хичээлүүдийг сонгон
авсан юм.
Хоёр өдрийн чадавхжулах сургалтанд соёл судлалын ухааны доктор
Ж.Долгорсүрэн, Ш.Эрдэнэцэцэг, Д.Мөнхтогоо, Л.Тунгалаг нарын багш нараас гадна
Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар, Үндэсний номын сангийн ахлах аргазүйч
Б.Гантулга, Увс аймгийн Архивын газар болон Онцгой байдлын сургагч багш нар
оролцов.
2023 оны 09-р сарын 20-нд Ойрад ХЖТ дээр нэгдсэн сургалтад 176 хүн
хамрагдав. 2023 оны 09-р сарын 21-ны панел сургалтыг 4 байрлалд буюу 4 салбар
сургалт хийхээр төлөвлөсөн байсан боловч Увс аймгийн музейн барилга их борооны
улмаас тааз нурж сургалт хийх боломжгүй болсон тул 2 болон 3 дахь панел
сургалтыг нэгтгэн хийхээр шийдвэрлэв. Ингэснээр “Ойрад” ХЖТ-ын байранд
театрын бие бүрэлдэхүүн 51, Төв номын санд аймгийн төв номын сан болон сумдын
соёлын төвийн номын сан, ЕБС-ийн номын санчид нийт 56, Насан туршийн
боловсролын төвд Соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, соёлын
өвийн ажилтан нийт 59 хүн тус тус хамрагдсан.  Төв номын санд
хийсэн үндсэн сургалтын дараа Увс аймгийн номын сан болон бусад нийт оролцсон
номын санчдын хүсэлтээр Үндэсний номын сангийн ахлах аргазүйч Б.Гантулга
дахин нэг өдөр сургалт зохион байгуулж өглөө. Түүнчлэн соёл судлалын доктор
Д.Мөнхтогоо панел сургалтанд Монгол улсын музейн стандартыг танилцуулсан юм.
Сургалтын дараахь хэлэлцүүлэг болон хаалтын үйл ажиллагаанд Увс
аймгийн засаг дарга Ч.Чимид оролцож хэлэлцүүлгийн асуултанд хариулсан нь нийт
оролцогчдоос талархал хүлээлээ. Хаалтын үеэр УДЭТ-аас Увс аймгийн ажлын
хэсэгт талархал илэрхийлж, “Ойрад” театрт дурсгалын зүйл гардуулан, нийт
оролцогчид хамтарсан зураг авахуулж хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав.

# Сэдвүүд
Сумын мэдээ