“Нүүдэлчин”-2024 дэлхийн соёлын фестиваль
2024-08-23
“НҮҮДЭЛЧИН”-2024 ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Засгийн газар 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 41 дүгээр тогтоол гарган, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас Соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг Налайх дүүргийн “Тайж хайрхан”-ы бэлд 2024 оны 08 дугаар сарын 16-18 хооронд амжилттай зохион байгууллаа. Тус фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогод туссан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, Монгол орны болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлан таниулах, Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг жилээс жилд нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах өвөрмөц өнгө төрх, хэлбэр агуулга бүхий олон улсад өрсөлдөхүйц соёлын томоохон арга хэмжээ юм.
Мөн хүн байгаль хоорондын харилцан шүтэлцээнээс бүрэлдэн тогтсон нүүдлийн ахуй амьдралын хэв маяг, түүнийг даган бий болсон соёлын биет бус өвийг дэлхий дахинд таниулах, түгээн дэлгэрүүлэх, сонирхогч талуудын хүрээг өргөжүүлэх, нүүдлийн соёл иргэншил бүхий орнуудын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нүүдлийн соёл, соёлын өвийн өвөрмөц байдлыг сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг фестивальд УИХ, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны дарга Ч.Ундрам нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг нээж Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:
“Монголчууд бидний өвэг дээдэс Төв Азийн өндөрлөгт хэдэн мянганы турш аж төрөхдөө байгаль, эх дэлхийнхээ сүр хүчийг шүтэн, мал сүргээ цагийн аяст нийцүүлэн адгуулж, усны тунгалаг, ургамлын шимтэй газар орноор нүүдэллэн нутаглаж, ирсэн билээ. Нүүдлийн ахуйг дагасан энэхүү өвөрмөц соёлын илэрхийллүүд нь эртний уламжлалт хэв шинжээ алдалгүй, олон зуун жил тогтвортой оршин тогтнохын зэрэгцээ шинэ агуулгаар сэлгэгдэн хувьсан өөрчлөгдөж, баяжиж хөгжсөөр нүүдлийн соёл, иргэншлийн үнэт зүйлийн сан хөмрөгийг бүрдүүлэн өнөөдөртэй золгосон.
Нүүдлийн соёл иргэншил бол зөвхөн хүн байгалийн харилцан шүтэлцээ төдий юмс үзэгдэл бус юм, түүний мөн чанарт нийгмийн тогтвортой хөгжлийг хангах шавхагдашгүй нөөц хадгалагдаж байдаг. Бид энэхүү нөөцийг таньж мэдэх, ахуй амьдралдаа хэрэглэх нь хүн төрөлхтний өмнө сорилт болон тулгараад байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, өлсгөлөн, үндэстэн угсаатны зөрчил мөргөлдөөн зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд тус нэмэр болж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
УИХ-ын гишүүн, УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны дарга Ч.Ундрам:
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нь ойрын ирээдүйд дэлхий дахины нүүдлийн ахуй соёл, өв уламжлалыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжүүлэх арга хэмжээ болохоос гадна хүмүүсийн хамтдаа суралцах, хамтдаа хөгжих, хамтдаа манлайлах олон улсын гол талбар болж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо энэхүү фестивалийг хөгжүүлэх болон нүүдлийн ахуй соёл, өв уламжлалын оршин тогтнох чадварыг хамгаалах, хөгжүүлэх, өвлөн уламжлагчдыг дэмжиж ирсэн төрийн бодлогыг залгамжлан үргэлжлүүлж, эрх зүйн илүү таатай орчныг бүрдүүлэх, улс орныг хөгжүүлэх бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэлээ.
Энэ удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд 12 улсын 140 гаруй гадаад оролцогч өөрсдийн уламжлалт соёлоо сурталчлан оролцохоос гадна Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс 1000 орчим өвлөн уламжлагчид, салбарын 150 гаруй байгууллага оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрлөөр 780 хөтөлбөрт арга хэмжээг толилуулсан.
Статистик, зарыг үзэх
Нийтлэлийг дэмжих
Бүх хариу үйлдэл:

Та ба өөр 6 хүн

# Сэдвүүд
Uncategorized
Сумын мэдээ